БӨХИЙН БААСТ
Зохиолч Б.Бааст 1921 онд Ховд аймаг /одоогийн Баян-Өлгий/ Алтанцөгц сумын нутагт малчны гэр бүлд төржээ. Бага, дунд сургууль, Марксизм-Ленинизмийн оройн Их сургууль, Москвад утга зохиолын дээд курс тус тус төгсжээ.
1936 оноос уран бүтээлээ эхэлж “Алтайн жимээр”, “Алтайн цэцэг”, “Алтайн салхи”, “Алтайн хоёр өнгө”, “Алтайн их дөнөн”, “Хөвчийн Бор”, “Намрын уянга”, “Хаврын салхи” зэрэг өгүүллэгийн туужийн олон ном бичжээ.
Б.Бааст 1976 онд шилдэг бүтээлүүдээрээ Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртжээ.
Алтайн хөх дөнөн
Өгүүллэг
Цасан цагаан онгоц маань мөнх цаст домогт Цамбагаравын зүүн сугад хэдэнтээ сүрхий дайвалзав. Төрсөн өссөн нутгийн минь сэтгэлд дулаан, зүрхэнд зөөлөн газар нутаг нүдэн өмнө жирэлзэн өнгөрч эхлэв.
Цагаан түнгэ /үнэндээ цагаан дэрст гэсэн үг/ гэдэг нэгэн сум ард олон хэдэн мянган малтайгаа өлхөн намаржиж, өвөлжиж, хаварждагаар барахгүй хавар нь зөндөө газар тариа тарьдаг, намар нь хаа л бол хадлан авдаг хишигт нутаг минь шаргалтан харагдахаар бие сэтгэл минь нэг л хачин боллоо. Цагаан түнгэ нутаг маань бол Ховд голын нэгэн уужим цүлхгэр, тохой юм л даа.
Би нутгийнхаа халиун намрын ид сайхан цагаар нисэж явжээ. Төдхөн цагаан түнгийн наахантай, олоон жилийн тэртээ хайрт ээжийг минь нутаглуулсан Читгай гэдэг газар онгоцны цонхоор зэрвэсхийн үзэгдээд далд оров.
Ээж минь чухам ямаршуухан хүн байсныг би тодорхой мэдэхгүй ээ. Ээжийгээ нас барахаас нь хэдхэн хоногийн өмнө би нэг удаа хальтхан харсны л өчүүхэн бүдэг бүгээн дүр төрх миний нүдэнд хоногшин үлдсэнээр л би ээжийгээ тиймэрхүү хүн байсан гэж мэддэг. Харин ээжий минь нас барахаас нь өмнөхөн “Энэ муу хүү чинь жаал жуул ном эрдэмтэй явах хувьтай байж мэдэш юм. Юм нүдлэх цээжлэхдээ сайн юм. Yүнийгээ харж яваарай даа ...” гэж аавд минь захисныг, хожим аав минь мөн хүнд өвчтэй байхдаа надад хэлсэн нь энэ үед миний санаанд харван орж ирлээ. Бас би багадаа нэгэн гайхалтай сайхан зүүд зүүдэлсний дотор үүлэн хөх мориороо араас нэхэн хөөсөн олон дайснаас зугадан очиход ээжий минь “Хурдлаарай миний хүү, миний хүү, миний хүү ...” гэж тосон гүйж байсныг дурсан санав.
Бас “Алтайн хөх дөнөн” гэдэг домгийг Гэцэлжав ах миний багад ярьж өгөхдөө “Эрдэм номтой хүн хүрэхгүй газар, үзэхгүй юм, унахгүй унаа гэж байхгүй болох юм байгаа” гэж хэлсэн нь юутай сайхан холч ухаантай зөн билэгтэй үг байсныг би санав. Би нисэх онгоцоор тун олон удаа аялжээ. Онгоцонд суух бүрдээ би тэрхүү онгоцоо, багадаа хөлөглөн нисэж явж зүүдэлсэн “Алтайн хөх дөнөнгийн” тухай нэгэн домог дуртгал хавсармал өгүүллэг ярьж өгье гэж бодлоо.
Би багадаа их л дүрсгүй хүүхэд гэгдэж байв. Гэхдээ хүн олонд осолтой халгаатай юм нэг ч удаа үйлдээгүй билээ. Yнэндээ ч хүн айлгаж хүрээ бужигнуулсан юм үүсгэх ухаан санаа, тийм том зүрх, тэр цагийн хүүхдэд яаж ч байх ажээ. Би ах дүү олуулан байж. Одоо ч бид олуулаа л байна. Харин бид багадаа их азгүй ах дүү нар байж. Яагаад вэ? гэвэл бид хайрт ээжээсээ даанч эрт хагацжээ. Би бол ээжийнхээ дүр төрхийг тун муу төсөөлж байгаа юм. Ээжийгээ маш хүнд ёстой л хүний гарт орчихсон үеийнх нь хэдхэн минутын дотор ээжийгээ харсан нэгэн дүр зураг л миний нүдэнд үлджээ. Нэг өдөр би ах дүү нартайгаа түлээнд яваад ирлээ. Бид тэгэхэд манай гэрийн гадаа барьсан илүү гэрт байдаг байсан юм. Ээж минь гэртээ, хажуунаас нь бараг ганц аяга халуун цай аажуухан уучихаад ирэхээр гарах ч эрхгүй болсон ааваар минь түшүүлэн суудаг байсан цаг юм. Би түлээнээс ирээд, яагаад ч юм бэ, ээж дээрээ орох заяа таарч дээ. Тэгээд гэрт ороход зүүн талд намхан модон орон дээр царай гэдэг нь цас шиг цагаан болсон, үс гэзэг нь ширэлдсэн ээжийн минь хоёр хурц нүд гялалзан намайг харлаа. Ээж минь жигтэйхэн их амьсгаатай байлаа. Аав минь ээжийг түших гэж бараг тэврэн сууна. Ээж минь намайг өрөвдөн хайрласан харцаар хараад нэг юм өгүүлэв. Ээжийгээ хараад “Хөөрхий ээж минь ийм ч болох гэж дээ” гэж бодохдоо би ухаан гартал айсан байх аа. Тэгээд ээжийнхээ юу хэлснийг лав дуулаагүй байх. Ээжийнхээ хэлсэн үгийг дуулаагүйдээ, би өөрөө гомдсон уу, ээжийгээ гомдоохгүй, уурлуулахгүй гэж бодсон уу, бүү мэд. Ганц хоёр гишгээд дахин ээж рүүгээ хартал “Ээж нь нааш ир гэж байна” гэж аав өгүүлэв. Хайрт ээжийнхээ дэргэд ноорхой царайлаад очсон чинь “Алив хар хүү, ... гээ ...” гээд цааш нь юм хэлж чадсангүй байдал нь хачин болов. “Ээж нь хүүгээ үнсье гэж байна” гэж аав өгүүлэв. Ээж рүүгээ тонгойж духаа өгөв. Ээж үнслээ. Уруул нь цэв хүйтэн боловч бие нь гал цог шиг халуун байв. Тонгойгоод үнсүүлэх хооронд л ээж минь тэр чигээрээ халуун нурам болчихсон юм шиг санагдлаа. Харин ээжийн амьсгаа гэдэг ёстой хачин түргэн байгааг би аль түрүүн нь мэдсэн юм. Ээж намайг дахин дүрлийн ширтээд “Муусайн хүүхдүүд минь яана даа” гэж бодсон байх даа. Тэгээд уйлсан боловч нүднээс нь нулимс гараагүй юм. Хөөрхий ээж минь тэгэхэд лав зүрх сэтгэлээрээ уйлсан байх даа. Ээж сүүлд аавыг тонгойлгоод чихэнд нь хэдэн үг хэлэв. Аав, ээжийн үгийг их л хичээнгүй сонссоноо ээж рүү хараад “”За за” гэх аятай толгой дохиж байв. Би бодохдоо, ээж минь миний тухай л аавд юм хэллээ гэж санасан юм. Аав “Тэр данхыг хөгшин ээжийдээ хүргэж өг. Ээжид нь аяга халуун хярам авчраг” гэв. Би тэр данхыг авч гарахдаа ээжийнхээ царайг, зүрх өвдөж, нүд хальтраад дахин олигтой харж чадалгүй газар шагайн гарсан юм. Гэтэл тэр уулзалт ээж бид хоёрын амьд уулзсан сүүлчийн мөч байсан юмсанжээ ...
Түүнээс хойш хөөрхий ээж минь нэг ч их удаагүй нас барсан юм даа... ингээд бид ээжгүй боллоо.
Yүнээс хойш хэдхэн жил өнгөрөөд нэгэн намар аав минь намайг сундалж Танхим гэгчид аваачиж орхиод гэрээрээ Цэнгэл сум руу нүүгээд явчихлаа. Эсэргэн жилийн хавар гэр минь буцаад нүүж ирэв. Танхим завсарлаад гэртээ гүйж харьсан чинь манай гэрт нэг муу морин хуур байлаа. Ер нь тэр үед манай нутгийн айл бүрд муу сайн ч гэсэн ямар нэгэн хуур-хөгжим байдаг байв. Нэг өдөр хуурыг дэмий хөрөөдөөд сууж байтал Гэцэлжав ах орж ирэв. Нутгийн таних мэдэх ах дүү нар намайг урьд нь хаа ч байдаг нусгай борцуулын нэг гэж мэддэг байснаа, танхимд суугаад ирснээс хойш намайг ном эрдэмтэй хүн гэж хачирхаад байдаг болов. Миний хөрөөдөж байсан хуурыг Гэцэлжав ах аваад хөглөж нэгэн морины явдал дарав.
Тэр морины явдал надад сайхан ч юм шиг гунигтай ч юм шиг санагдлаа. Түүнээс хойш Гэцэлжав ахыг би ер бусын ид шидтэй хүн гэж бодох болов. Гэцэлжав ах л ирвэл би хуураа үг дуу ч үгүй авч өгдөг болов. Гэцэлжав ах ч миний хичнээн сонсовч уйддаггүй морины явдлыг дарж өгдөг болов. Аав ч бас заримдаа хуур дардаг байв. Гэвч аавын дардаг морины явдал надад төдий л сайхан санагддаггүй байв. Харин миний аав их л ёс горимтой хүн байсныг би бас мэднэ. Аав минь хуур дарахдаа өвдөглөн суугаад хормой дэвсэж хуураа тавиад дардаг байж билээ. Тэгээд:
- Би яаж хуур сурах вэ, Гэцэлжав ахаа? гэвэл,
- Хуур сурахад амаргүй ээ хүү минь гэлээ.
- Та надад зааж өгөхгүй юу? гэвэл,
- Чи надаар заалгаад олигтой хуурчин болохгүй. Ёстой хуурчин болохыг хүсэж байвал, чи урьдаар сайхан хууртай бол. Тэгээд газар сайн мэддэг хүнээр заалгаж хүн амьтны хөл гүйдэл ихтэй дөрвөн замын бэлчир газар ол! Хасын харанхуй шөнө тэрхүү эл хуль болсон дөрвөн замын бэлчир дээр очиж хуураа бариад суу. Тэгтэл чинь тэр шөнө, дөрвөн замын аль ч талаас нь ямар ч амьтан ирж мэднэ. Ирсэн амьтнаас огтхон ч айж болохгүй. Хуураа хөрөөдөөд л суугаад байх хэрэгтэй. Харанхуй шөнийн амьтад чамд гай түйтгэр тарихгүй. Тэд гүйдэг замаараа гүйгээд л байна. Тэгж байтал нэг мэдэхэд чиний дэргэд тэнгэрийн дагина ч юм уу лусын охин ч юм уу, уртын урт цагаан сахлаа чирсэн уулын өвгөн ирж ч мэднэ. Тэдний аль тэгж ирсэн нь чамаас элдэв шалдав юм асууж шалахгүй, шууд гарыг чинь барьж хуурын эрдэмд сургана. Өглөө эртээр хуурт сургасан хүн явна. Чи тэгээд л хуурчин болчихсон харьж ирнэ гэж ярилаа. Би энэ үгэнд итгэлээ. Ёстой хуурчин болъё гэж бодлоо. Гэтэл эзгүй хээрт, эрхийн чинээн бие гав ганцаараа харанхуй шөнө хуур бариад сууна гэхэд хамгийн түрүүнд айх эмээх зүйл л сэтгэл санаанд орж байна. Чоно хүрч ирээд идчихвэл яанаа гэж бодогдлоо. Чөтгөр шулам ирээд аваад явчихвал яанаа гэж ч бодогдож байна. Ер нь айхгүй байх аргагүй санагдлаа. Гэтэл айхгүй байх хамгийн чухал гэж байгаа. Тэр ч байтугай хууранд сургадаг зарим ид шидтэн маань тэнгэрийн дагина, лусын охин байдаггүй, морины хувхай толгой унасан алмас эмгэн байдаг гэх нь тэр. Хэрэв тийм алмас эмгэн нь хүрч ирвэл би айхгүй байх нь бүү хэл ухаантай ч байж чадахгүй шүү дээ. Бас тэр морины хувхай толгойг унаж ирсэн эзэнтэй нь сундалдаж суугаад хуурдвал хуурыг улам ч сайхан сурдаг юм. Хуур гар хоёр чинь өөрөө эвлээд сайхан сайхан ая эгшиг өөрөө л урсаад ирэхийн цагт морины чинь толгойд амь орж хөдлөн хөдөлсөөр нэг мэдэхэд тэр толгой цаст өндөр уулын цалгиа цагаан арслан шиг газар шүүрсэн дэлтэй, ган дөрвөн туурайтай, галгиа халгиа явдалтай гайхамшигт эрдэнийн хөлөг чинь болно. Тэгээд чамайг үзүүртэй модны дээгүүр үүлтэй тэнгэрийн доогуур унуулан давхиад, заяаны чинь ханьтай учрааж ч мэднэ, замба тивээр хэсүүлж ч мэднэ, аль эсвэл аав ээжийн гэрт хүргээд ирж ч мэднэ гэж ярьсныг яах вэ. Гэцэлжав ахын энэ үг, нэг талаар сайхны нь яана, нөгөө талаар аймшигтайг нь яана. Ингээд эцсийн эцэст миний хуурчин болох гэсэн хүсэл бүтэхгүйд хүрэх нь тодорхой боллоо. Гэвч Гэцэлжав ахын энэ үг надад нэг л сайхан санагдаад байдаг байлаа.
Байсаар зун болов. Нутгийн ард олон, уршигт хорт шумуул гарах нь гээд л зуслан өөдөө яаран сандран нүүж эхлэв. Манайхан ч тэмээтэй унаатай айлуудыг хамжин нүүлгэлцэж байж унаа морь, ачлагын тэмээг нь гуйж нүүдгээрээ нүүж Олон-нуур хэмээх дэлгэр сайхан зусланд гарлаа. Зусланд гарахаар ядуу бидний жаргал эхэлж байгаа юм. Хилэн шиг ногоон зүлгэн дээр зунжин хөл нүцгэн наадаж тоглоно. Дуртай цагтаа усанд орно. Тараг хоормогт бүр ходоод маань өнгөршинө. Хүрээний банди нартай нийлж голын жараахайг тагш дүүрэн барьж хийгээд устай нь уралдан ууна... Энэ мэтээр хийдэг адил тун их болно. Шөнө болбол бид гэрт огтхон ч унтахгүй. Муусайн дээл, ширдгээ чирч гараад хотны захад унтана. Шөнө бидэнд айх зүйл бас бий. Бух шар дайрчих гэнэ. Өөдөө сөөргөө давхилдсан согтуу хөлчүү улсуудад гишгүүлчих шахна. Бид орондоо ормогц ярих зүйл бас ихтэй. Тэнгэрийн од, сарны тухай бидэнд ярихгүй зүйл гэж ер байхгүй. Од мичидийг өмчилнө. Нэг нэгэндээ “худалдана”. Заримдаа үлгэр ярина. Найр надам унадаг хурдан мориныхоо тухай ярина. Морио үлгэр домгийн ийм ч морь шиг, тийм ч морь шиг гэж магтана. Бидний багад яасан ч олон үлгэрч туульчин байсан юм бэ? газар сайгүй л үлгэр ярьдаг, өвлийн уртад тууль хайлдаг хүн байж дээ. Бид уван цуван унтана. Нэгэн шөнө би сайхан зүүд зүүдэллээ.
... Манай нутагт л бололтой их олон адуутай таньдаг ч юм шиг танихгүй ч юм шиг баян хүн байх юм. Би тэр баяны адуучин шиг л байх юм. Тэр баян олон адуутай ч надад сайн морь үл унуулна. Гэтэл манай нутагт дайн ч болоод байх шиг, Алтайгаас олон арван сайн эрчүүд ирээд ч байх шиг. Газар дэлхийгээр дүүрэн буун дуу, утаа униар болж өнөөх баяны маань их адууг хөөж туугаад ч байх шиг, хөлгүй их усруу шахаж хиар сүйтгээд ч байх шиг ухаан санаанд багтахгүй хачин юм болж байна. Их адуугаа сүйтгүүлсэн өнөөх баяныг харсан чинь ганцхан муу хамуутай татанхай хөх даага хүзүүдэн тэвэрчихээд л уйлж байх юм. Тэгснээ баян: “Чи энэ даагыг унаад тэрхүү Алтайн сайн эрчүүлийн араас явж адууг минь салгаад ир! ” гэх юм. Би баяны хэлснээр түүний татанхай хөх даагыг унаад явах болсонд аав минь “Миний хүү хөх даагаа татанхай гэлгүй гуядаад, хөглөгөр Алтайн замыг хэцүү гэлгүй тэмцээд яваарай! Алтайн сайн эрчүүд алдартай боловч, аян замдаа гурван хоног төөрөх эргүү хар мананг, ахуй нутгийн чинь шидтэнгүүд аргагүй л татууллаа...” гэж хэлсэнд би нум сум ч агсаад буу чум ч үүрээд гарлаа.
Татанхай хөх даага минь татаад тавьсан сум шиг шулуун явдаг юм байна. Ус гол, уул даваанд ер үл саатна. Явсаар сайхан үүлэн цэнхэр морь болон хувилчихлаа. Yүлэн цэнхэр морь болсноо хөрст ногоон дэлхий дээгүүр биш хөх мөнгөн тэнгэр өөд л хөвөн хөөрөн оддог юм байна. Өндөр тэнгэр өөд өгсүүр шатаар явах мэт явсаар байтал өнгийн сайхан солонго татсан үүлэн дунд ороод иржээ. Тэр үүлэн дотор уул ч байна, ой мод ч байна, нуур нуга, шувуу жигүүртэн цөм байна. Гэтэл газрын хаанаас эгшиглэн хангинах нь үл мэдэгдэн гагцхүү сэтгэл баясан зүрх уяраасан өнгийн сайхан хөгжим эгшиглээд тэрхүү хөгжмийн эгшгэнд эргэн тойрны бүх байгаль ертөнц тэр аяараа дуулан бүжин агснаа төдхөн шингэх дөхөж буй нарны туяанд толин цэнхэр нуурхан мэлтэлзээд тэр нуурын дунд алтан шаргал шагшуурга намс намс ганхаж байснаа бадамлянхуан цэцэг дэлбээгээ дэлгэх мэт алтан шаргал шагшуурга хэдэнтээ гадагш налахад дундаас нь олноос олон цасан цагаан хун шувууд хөвөн хөгжин гарч ирэхийг харвал хун шувуу бүрийн нуруун дээр лусын охид эрдэнийн дэвүүр дэлгэн энхрий хонгор дуугаар дуулан явах ажээ.
Ёстой л үзээгүй юмаа үзэж, үлгэрийн ертөнц гэгчид ингээд очдог юм байна. Цасан цагаан хун шувуудыг хөлөглөсөн цэцэг дундаас төрсөн юм шиг цэвэрхэн охид үүлэн цэнхэр морийг минь эргэн тойрон бүжин дуулахад толгой эргэж нүд эрээлжлэв. Охидын хувцас солонгын долоон өнгөтэй. Дэвүүрүүд эрдэнийн олон чулууны гэрэлтэй. Нуур нь толь шиг. Оройн наран, огторгуйн өнгө, хаанаас хангинаад байгаа нь мэдэгдэхгүй эгшиг хөгжим, охидын уянгын уярам дуу, тэр дуу хөгжмийнхөө дагуу яралзан мяралзаж, намилзан намирч байгаа энэ суу жавхлан нэг бодлын ерөөсөө байж боломгүй ч юм шиг санагдана. Нөгөө бодлын яагаад ч ийм сайхан юм энд байдаг байнаа гэж санагдана.
Нэг мэдсэн чинь өнөөх олон цасан цагаан хун шувуудыг хөлөглөсөн лусын охид заавал намайг хөх хөлгөөс минь толин цэнхэр нууран дунд буулгах гэж дайрцгаадаг юм байна. Хун шувууд хөх хөлөг рүү минь ойртох тутмаа өргөн цагаан далавчаа зэрэг зэрэг дэлгэн толин цэнхэр нуураа тас няс алгадаад, лусын охидын дуу ч гэсэн, их хачин өнгө аятай болсонд хөх хөлөг минь гэв гэнэтхэн нуураас тасран хөөрөх нь тэр.
Хөх хөлөг минь ёстой л жийхээрээ жийж гарлаа. Эргээд харсан чинь өнөөх олон цагаан хунгууд цагаан сум шиг амьтад болчихсон лусын дагинууд нь үлгэрийн баатрууд болчихсон хөөж айсуй явдаг юм байна. Урагшаа тонгойж хөх хөлгийнхөө чихэнд хойноос нь хөөж айсуй амьтдын байдлыг хэлбэл “За чи намайг хавчихаараа хавч би ч сунахаараа сунана. Тэгж байтал учир нь олдох байгаа” гэж хөх хөлөг минь хүний хэлээр хэлдэг юм байна. Тэгээд л хөх хөлөг минь өндөр хөх тэнгэрээс өргөн ногоон дэлхий рүүгээ бууж байгаа аятай л тувт доошоо жирийгээд байх шиг л боллоо. Би ч тэртэй тэргүй юмны учир олохоо байсан хойно, ганцхан хөлгөөсөө л салахгүйг хичээн дэлээс нь зууран явлаа.
Явсаар байгаад нэг харсан чинь номин ногоон дэлхий минь, нутгийн сүрлэг уулс маань бололтой газар орон харагдаж эхэлснээ өндөр шовх оройд нь үүлэн сүрэг хурсан, өргөн цагаан цээжинд нь алтан наран ээсэн нэгэн сайхан цаст цагаан уул харагддаг юм байна. Тэр уулын барааг харангуут хөх хөлөг минь ч чангарав, хөөрхий би ч онгиров. Араас хөөгсөд дөхөөд байна, аюултай сум нь чихний хажуугаар часхийгээд, хацарт ойрхон халуу оргиод л өнгөрөөд байна. Цаст цагаан уул хариугүй ойртлоо. Уулсын мөнгөн цагаан цастай толигор энгэрт тулаад ирснээ “Одоо хаачих байнаа?” гэж бодтол тэрхүү толигор энгэр ямар нэгэн их хүчтэй анир чимээ гарган нижигнэж шижигнэн хага үсрэн ярагдаад хайрт ээжийн минь царай нүдэн өмнө гараад ирэв. Ээжийн минь царай өнөөх хүнд өвчтэй байхад нь миний ороход ямар байлаа, яг тэр янзаараа харагдаж байна. Тэгэхдээ хажууд нь түшсэн аав ч харагдахгүй ээж минь аахилж амьсгалах ч үгүй, харин ч нэг харахад намайг айсуй баярласан мэт, дахин харахад хүү минь хөөж яваанууддаа гүйцэгдэх ч юм уу, шуугин буй суманд нь оногдчих бий гэж байсан зовсон шинжтэй харагдана. “Хурдлаарай миний хүү, миний хүү, миний хайртай хүү” гэж ээжий даллан хашгирсаар наашаа гүйж явна. Би ч ээж ээ ээж ээ, ээж ээ хэмээн морьтойгоо ч юм шиг, явган ч юм шиг тосон гүйж байтал гэнэтхэн уул доргиож, ус цалгиасан сүртэй буун дуун тасхийхэд хөөрхий хөх хөлөг минь ганцхан муухай унгалдаад ойчлоо. Би ч ээжээ хэмээн орилоод сарвалзан ойчлоо. Цочин сэрлээ.
Сайхан зүүд минь халин оджээ. Хөх хөлөг ч алга, хөөсөн дайсан ч алга. Хөөрхий ээж минь бүр ч алга. Хөх хөлөгтэйгөө зугтаж явахад хөөсөн дайсны сум араас онох ёстой атал урдаас ч оноод байх шиг. Тэр мөртөө духан дээр онон, цус урсаад ч байх шиг санагдаад байсан юм. Тэгээд энэ бүхэн маань юу байваа? Духан дээр сум онож хүйтэн цус урсаад байна гэсэн нь бороо орох гэж ганц нэг ширхэг дусал бидний нүүрэн дээр дусаж эхэлсэн нь ажээ. Уул доргиож ус цалгиасан сүртэй буун дуу нь тэнгэрийн дуу байжээ. Yнэндээ газар тэнгэр нийлүүлсэн гал цахилгаан цахиж тэнгэрт гэзэг даран нижигнэж байв. Шаагин шуугиж айсуй салхитай бороог харвал амьтай голтой юм тэсэж тогтохын эрхгүй юм шиг санагдаж байв. Бид босож дээл хувцас, дэвсгэр хучлагаа чирээд гэр лүүгээ гүйлдэв. Айл гэрийн хүмүүс цув юүдэн болон аргал түлээ, мал хар руугаа гүйлдэв. Хэдхэн хормын хооронд салхи, зүсэрсэн ширүүн бороо, дуу цахилгаан бүгд нэг мөсөн шахам пижигнээд өнгөрөв. Энэ бүхнийг би төдий л тоосон ч үгүй, айсан ч үгүй. Бага балчир наснаасаа зун бүр л үзэж өнгөрүүлдэг зуршил болсон зүйл болоод л тэр байх даа. Би харин өнөөх сайхан зүүдэндээ гашуудаж хэвтэв. Тэр олон лусын охид, цасан цагаан хун, толин цэнхэр нуур, алтарсан шагшуурга, хорвоо ертөнцийг бүхэл бүтэнд нь уяраан хайлаасан дуу эгшиг ямар учиртай зүүдэнд орвоо?
Бодсоор байгаад туульч Бага ахын өнгөрсөн өвөл хайлсан нэгэн гайхамшигт туульд гардаг хэсэг, Гэцэлжав ахын хэлдэг хуур сурахаар дөрвөн замын бэлчирт суухад заримдаа ирдэг гэдэг тэнгэрийн дагина, лусын охидыг хольж хутгал зүүдэлсэн хэрэг байна гэж мэдэв. Yүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр нисээд байсан хөх хөлөг минь ямар учиртай зүүдэнд ороо юм бэ? гэвэл Гэцэлжав ахын өгүүлдэг нэг үлгэрт гардаг эрдэнийн хөх халзан хөлөг ажээ. Хөх хөлөгтэйгөө зугтсаар ээждээ хүрэхийн даван дээр хөөж явсан дайсан хөх хөлгийг минь буудлаа гэсэн нь гал цахилгаан цахиж тэнгэр ниргэсэн хэрэг байжээ. Эцэст хайртай ээжий чинь яагаад зүүдэнд орсон бэ? гэвэл би нэг ахтайгаа цуг, гол руу тариа услахаар явах улсуудыг дагаж явъя. Тэгэхдээ ээжийгээ нутаглуулсан газар дээр очъё. Би тэр газрыг мэдэхгүй болохоор ах минь мэддэгээрээ надад зааж өгнө гэж хэлсэн юм. Ээжийнхээ газар дээр очно гэсэн нь яагаад ч юм бэ дээ, надад ээжтэйгээ уулзаж учрах юм шиг л сайхан санагдсанаас би ээжийгээ хүсэн хүссээр, эцэст зүүдээрээ хайрт ээжтэйгээ бас дахин нэг удаа хальт учирсан хэрэг байх нь ээ. Би ээжийнхээ гэгээн дүр төрхийг тун бүдэг бадаг мэдэх атал энэ удаа яагаад ийнхүү зүүдэнд ээжийн минь царай зүс тийм содон сайхан харагдсан бэ? гэвэл би сүүлийн үед яагаад ч юм бэ, ээжийгээ нэг л их санаад байх болсноос ийм явдал болсон бололтой.
Зуны хүмүүс гэдэг нойрондоо мөн ч харам юм даа. Тэнгэрийн дуу, цахилгаан, түр зуурын ширүүн борооноос “Түргэн жагсаал” авсан хүмүүс төдхөн ор орондоо хурхираад дугжраад өгөхөд гагцхүү миний нойр ер хүрэхгүй, юу ч бодохгүй унтах гэхэд л хөөрхий ээжийн минь дүр төрх нүдэнд үзэгдэж сэтгэлд урган босож ирээд ер болж өгдөггүй. Маргааш бушуу болоосой, ахтайгаа бушуухан очиж ээжтэйгээ уулзах юм шиг санагдаад тун ч болдоггүй. Амьдралдаа анх удаа ээжийгээ нэг л их санаж, мөн анх удаа нойтон дэртэй хоносон минь тэр шөнө байж билээ. Ээ дээ, энэ дэлхий дээр хүн, юу ч үгүй байж болох боловч ээжгүй байх гэдэг яагаад ч юм бэ ер байж боломгүй зүйл шиг санагдаад тун ч болдоггүй шүү.
Маргааш нь ах бид хоёр гол орж тариа услах хүмүүс дагаад явлаа. “Могой цохиход модны нэмэргүй” гэгчээр очиж очиж тариа услах хүмүүс дагаж энэ хар халуунд үүний явдаг хэрэг нь юу вэ? Очоод бидэнд юугаараа нэмэр болох хүн бэ? энэ бид хоёр ямар элэнцгийнхээ нэмэр болоо билээ. Нэрмээс л болно... Наран харанхуйлтал язганасан хар шумуулд соруулах гэж бөгс нь умалзаа биз гэж тариа услахаар явж буй хүмүүс, замд, надаар зугаа хийж, дамшиглаж явлаа.
Ах минь намайг дагуулж гарсан цаад санаагаа хүмүүст хэлсэнгүй. Харин “Та нар муу дүүгээр минь битгий тоглоом тохуу хий. Та нар уулын оройд унаа морьдоо орхиод, шөнө тариа услахаар явахад дүү бид хоёр л утаа май тавьж унаа морьдоо ялаа шумуулаас хамгаална. Өдөр та нар унтаж амарна. Бид хоёр аргал түүнэ цай чанана хоол хийнэ. Шөнө тавьдгаас бүр ч их утаа май тавина. Бид хоёрын тусыг та нар тэгж юман чинээн бодохгүй байж болохгүй даг шүү...” гэж ах хэлэв.
Тэр өдрийнхөө орой бид Цагаан тунгийн голын наад талын нэгэн намхан уулын орой дээр ирлээ. Ховд гол, Цагаан тунгийн нутаг ёстой л хар ногоорон харагдаж байна. Цагаан түнгэ гэдэг намар, өвөл, хавар цагийн бидний эх орон, яг одоо гэвэл тариа чацарганы эх орон маань тэр аяараа л хөөрхий ээжийн минь дүр төрх шиг харагдахад нүд дүүрэн нулимс бүрхээд ирдэг юм байна. Уулын оройд голын хорт шумуулын зах сэжүүр бас байна. Гэхдээ арай ч унасан морьдыг маань бариад идчихээр биш байлаа.
Бид яаран утаа май тавилаа. Наран шингэх үед хээрийн цай уулаа. Дараа нь жаахан шар будаатай хоол хийж идлээ. Хүмүүс дөнгөж нүдээ ил гарган толгой тархиа зузаан алчуураар боогоод хүрзээ бариад гол руу орлоо. Ах бид хоёр бас нэг хүнтэй гурвуулаа утаа май тавьж ёстой л ойр зуурын шал дэмий юм хөөрөн суулаа. Шөнө орой болсон хойно салхи үлээв. Салхины үлээлтээр шумуулын хал татрав. Бид ч утаа май уугиулах ажлаас түр суларч тэрүүхэнд байдаг шанд руу явж ус авч ирэв. Тариа услахаар явагсаддаа цай чанаж тавив. Морьдоо бөхлөөд хэвтэв. “Ээжий дээрээ хэзээ очих вэ” гэж ахаас сэмхэн асуувал “Ээжийгээ нутаглуулсан газар дээр гээч миний дүү...” гэх ах залруулан өгүүлснээ “Маргааш хоёулаа мориор очно. Саяын ус авч ирдгээс жаахан цаашаа яваад л хүрчихнэ” гэлээ. Би бас жаахан хэвтсэнээ “ах аа ээжий дээрээ очоод ирвэл болохгүй юу?” гэвэл “Одоо юу ч мэдэгдэхгүй. Бушуухан унт миний дүү...” гэлээ. Дахиад би ахдаа юм хэлсэнгүй. Тэгээд энэ эзгүй хээрт ээжийг минь нутаглуулаад орхичихсон гэдэг ер байж боломгүй юм шиг санагдаад унтаж чадахгүй хэвтээд л байв. Элдэв юм бодон, шөнийн болжморын жиргээ, ууль шувууны гуугачаа, голд төөрч хоцроод ялаа шумуулд үйлээ үзэж яваа нохойн улих тэргүүтнийг чагнан хэвтсээр л байв.
Маргааш болов. Тариа услахаар явсан хүмүүс үүрээр голоос гарч иржээ. Тэдний цөмийн нүүр нүд булуу болтлоо хавдаж тархи толгой нь хэвийнхээсээ том болчихсон юм шиг харагдаж байв. Тэд хорт шумуулд хазуулж хавдсан нүүр нүдэндээ гэрээсээ авч гарсан айргийн өнгөр, шимийн архины охь түрхэнэ. Морьдын маань ч нүд, омруу цээж, цавь, салтаа тэргүүтэн нь хавдах шинж орж зарим газраар нь цус шүүс нэвчин харагдана.
Өдөр ах намайг дагуулан усанд явав. Ус авдаг дэрстэй шанд маань аймшигтай шумуултай байсан учир хоёулаа хэдэн ширэн хөхүүрт усаа хам хум дүүргэж аваад шандын баруун хойт намхан хадан мөрөг дээр гарч урт уужим амьсгаа авав. Гэвч тэнд шумуул бас л байв. Yдийн наран яг сайхан голлож тусдаг хоёр мөргийн хоорондох жалгархуу атлаа өтөг хондтой газар намайг ах дагуулан ирэв. “Муу ээжийг маань нутаглуулсан газар энэ дээ” гэж ах өгүүлэв.
Хоёулаа мориноосоо буув. Хэлэх ч юм олдсонгүй, асуух ч юм санаанд орсонгүй. Нэгэн дөв дөрвөлжин хөх чулуу харагдана. “Яг л энд юм даа...” гээд ах тэр чулуун дээр шилтэй сүүнээсээ дусаагаад тэгээд өтөг хонд дээгүүр цацав. Бас тэр чулуун дээр хонхортой жижиг чулуу олж тавин аргал түлж цог гаргаад арц унгасгав. Мөсөн чихрийн халтар хэлтэрхий бор хиртэй алчуурт нандигнан ороосноо гаргаж тавив. Ааруул хуруудны жоохон хэсэг тавив. “За ингээд ээжийгээ эргэчихэж байгаа юм шүү дээ. Ээж нь миний хоёр хүү овоо л доо гэж бодно шүү дээ. Миний дүү энэ газрыг сайн харж мэдэж ав. Хааяа ингээд ирчих сайхан байдаг юм шүү дээ. Одоо хоёулаа явъя. Морьд маань сүйд болох нь...” гэлээ. Хэлэх ч юм олдохгүй, яах ч учраа мэдэхгүй, дэмий л тэр газар байгаад баймаар санагдав. Ингээд л байгаад байвал эжий минь ахиад саяхны зүүдэнд үзэгддэг шиг нүдэнд нэг харагдах ч бол уу л гэж би горьдсон юм. Гэвч миний горь огтын гэнэн гэгэлгэр горь байжээ. Хичнээн суувч ээж үзэгдэхгүй нь үнэн учир арга буюу ахыгаа даган мордов. Энэхүү хоёр дахь өдөр, тариа услахаар ирсэн хүмүүс дотор над шиг тийм уруу дорой царайтай, ялаа шумуулд ч үхтлээ хазуулж, хаван хавдар болж эхэлсэн хүн бараг алга болов. Ээжтэйгээ уулзах юм шиг бодож ирчихээд ийнхүү гол горойсон учир ялаа шумуулд идүүлэхийг даанч юман чинээнд бодсонгүй санжээ.
Орой тийшээ ах маань бас урвайсан харагдана. Бодвол намайг хараад сэтгэл нь өвдөж эхлэв бололтой. Ах бас миний тухай тариа усалж яваа хүмүүст хэлсэн бололтой. Тэд намайг аргадаж, аль зөв үг хэлж, зөөлөн сэтгэлээр хандаж идэж уу, энэ тэр гээд л сүйд...
Энэ орой бидний араас Гэцэлжав ах зэрэг хэдэн хүн хүрч ирэв. Тэд бас тариа услах гэнэ. Гэцэлжав ахын ирсэн нь миний сэтгэлийг сэргээв. Гэцэлжав ахын оронд ах маань шөнө тарианы ус тавилцахаар явлаа. Би Гэцэлжав ахын дэргэд хэвтээд саяхан зүүдэлсэн зүүдээ хольж хутган өгүүлсэнд, миний ярихыг их л таашаан сонсож хэвтэв. Бодвол тариа услахаар явсан хүмүүс, миний сэтгэлийг сэргээсэн сайхан юм ярьж өгөхийг Гэцэлжав ахад “даалгасан” бололтой.
Миний хэлэх юм дууслаа. Би тэгээд уртаар санаа алдав. Ээжийг яг нутаглуулсан газар бидний байгаа бяцхан уулын оройгоос арай харагдахгүй боловч намхан хадан мөрөг нь гэрэл гэгээтэй бол харагдах тул одоо ингээд санаа алдаад хэвтэж байхдаа би тэр зүг харанхуй ч гэсэн харж л байв. “Миний дүүгийн зүүд их бэлэгтэй сонин сайхан зүүд байна. Чи одоо танхимд сууж ном үзэж байгаа... Ирэх намар дахиад сууна. Чи яваандаа эрдэм номын хүн болох биз. Эрдэм номтой хүн үүнээс хойш энэ улс олонд их хэрэгтэй, их ч хүндтэй хүн болох биз. Эрдэм номтой хүнд хүрэхгүй ч газаргүй үзэхгүй ч юмгүй, унахгүй ч хөлөг морь гэж байхгүй болох биз...” гээд үгээ их л зөөлөн зөөж, сайхан өнгөтэй ярьж байлаа.
...Унахгүй ч хөлөг морь гэж байхгүй болох бизээ гэсэн тэр нэгэн үг нь “Гэцэлжав ахаа, таны надад хуурдаж өгдөг морины явдал ямар учиртай юм бэ?” гэж асуух бодол төрүүллээ. Энэ морины явдлын учрыг мэдэхсэн гэж би дандаа бодох болсон юм. Гэтэл асуух гэхээр нэг ч олигтой аян шалтаг гарч өгдөггүй байв. Заримдаа бас “За за ийм жаахан эрхийн чинээн нусгай хүүхэд ах зах хүнээсээ тийм юм асууж болдоггүй юм” гэх болов уу гэж санагддаг байв. Сүүлийн үед Гэцэлжав ах манайхаар ирэхээ больсон юм. Одоо ингээд тариа услах ажлын үед тааралдсанд миний баярласныг яана. Би бас эрхбиш эрдэм номын захад хүрсэн болохоор хүнээс юм асууж болох байх гэж заримдаа санагдаад байх болсон юм. Би бодсоор тэсэхгүй тэрхүү мориныхоо тухай ярьж өгөхгүй юу гээд гуйчихав. Ингэж гуйчихсан хойноо бас, арай болохгүй бүтэхгүй юм асуучихсан юм биш байгаа гэж хулмалзтал Гэцэлжав ах “Харин ах нь чамд тэр мориныхоо тухай яг ярьж өгөх гэж байлаа шүү дээ” гэдэг юм байна. Ингэж хэлэхээр нь би ёстой магнай хагартлаа баярлав. Хоёулаа явж аргамжаатай морьдынхоо дөрөв биш найман талд нь тавьсан утаа майгаа сэргээлээ. Гал дээрээ буцаж ирлээ. Зөөгширсөн хар цайнаас уулаа. “Ах нь үлгэрээ ярьж өгөөд цай чанав. Би унтана шүү дээ” гэлээ.
“...Урьд манай Алтайд Жанибек гэж өнчин ядуу нэг хүүхэд байжээ. Тэр хүү ядуу хоосон ч гэлээ ухаантай, их зориг зүрхтэй хүү байж гэнээ...” гээд Гэцэлжав ах яриагаа эхлэв. Ер нь энэ хүүгийн тухай түүх сударт ч их бичсэн бололтой байдаг юм билээ. Ард олны дунд түгсэн яриа ч их байдаг юм. Түүнээс би чамд хоёр л юм ярьж өгье дөө. Нэгд хүүгийн зоригтойн тухай, хоёрт, тэр хүүгийн хайртай нэгэн морины тухай гэлээ.
“...За тэгээд Жанибек хүү чам шиг бага байхдаа нэгэн намар цаг, анчид дагаж гахайн гөрөөнд явж гэнэ. Анчид гөрөөлөх газраа хүрээд халууцаж, цөм хувцас хунараа тайлаад энд тэнд шалдан цээж гарган, их өвсөн дунд хэвтэцгээж гэнэ. Нэг харсан чинь Жанибекийн хөлийн ул өөд өгсөн хуруун дээгүүр нь нэгэн могойн толгой өндийн даваад хөл өөд нь гонжийгоод л өгсөж байхыг хүмүүс харжээ. Их ч том, мөн урт гэдэг нь ч аймаар эрээн могой ажээ. Айж сандарсан хүмүүс яаж ч чадахгүй дэмий л бүлх залгичихсан юм шиг гөлийлдөн байтал нөгөө могой Жанибекийн нүцгэн цээж өөд л өгсөж харагдаж гэнэ. Жанибек биен дээгүүрээ могой хүйт оргилуун өгсөж явааг мэдсэн боловч огтхон ч чацав татав гэлгүй, тайван гэгч нь амаа ангайчхаад л хэвтээд байх юм гэнэ. Айсан хүмүүс гайхаад л байж. Жанибек амаа ангайчхаад л хэвтээд байж. Могой өгссөөр хоолойнд нь хүрчээ. Цаашаа эрүү өөд нь өгсөөд Жанибекийн ангайсан ам руу гулсан ортол нь Жанибек ганц хавхийсэн чинь могойн толгойг тас хазан нулимчихаад босоод ирсэнд айхын эрхэнд анир чимээгүй атиралдан хэвтсэн хүмүүс, цөм санаа амарсан янзтай аль л сайн сайхан үгээ хэлэн босоод ирж гэнэ. Эр хүн зоригтой бол чоно яана гэдэг билээ? Миний дүү тийм үг мэдэх ч үгүй биз ээ. Эр хүн зоригтой явах гэдэг энэ Жанибек хүү шиг явахыг л хэлнэ шүү дээ гэлээ. Гэцэлжав ах энэ домгийг ярихдаа, яг л одоо өөр өөд нь өгсөн ирсэн могойн толгойг тас хазаж байгаа юм шиг ярьсан болохоор би ч бүр жигтэйхэн айж хар хөлс минь чийхарчихсан байлаа. Ингээд Гэцэлжав ах яриагаа завсарлаж утаа майгаа засав. “Энэ хүү мөн ч зоригтойёо доо?” гэхэд нь би “Ёстой аймаар байна” гэв. Гэцэлжав ах дахин ирж, миний хажууд хэвтэв. Жанибек хүү мөн чам шиг байхдаа нэгэн баян хүнээс морь гуйжээ. Тэр баян “Мянган адуу цаана чинь бэлчиж байна. Морины сайн мууг мэддэг л бол шилж байгаад нэгийг нь барьж ав” гэжээ. Жанибек их адуун дотор ороод энэ ч унага даага, тэр ч агт морийг хараад шинжээд яваад л байж гэнэ. За бараг баяны мянган адууны эр хүйстэй бүгдийн шандас шөрмөсийг барьж үзэх шиг болж гэнэ. Тийнхүү явж явж, шар үсэндээ хатсан нэг муу хөх даагыг хөтлөн ирээд “Yүнийг чинь авъя” гэж гэнэ. Тэгэхэд нь баян, “За яах вэ, юу сайхан бэ, дур сайхан, ав ав. Чи нэг бол наадахаа сайн морь болохыг нь мэдээд авсан байх. Yгүй бол шал усан тэнэгтээ авч байгаа хэрэг байх” гэж өгүүлжээ. Жанибек усан тэнэг хүү байсангүй. Хөх даага өссөөр үнэхээр гайхамшигтай сайхан морь болжээ. Олон удаагийн дайн тулалдаанд Жанибек хөх морио унан орж гэнэ. Орох бүрд дайснаа дарж, дархан цолоо мандуулж явжээ. Жанибек сайхан хөх морьтойгоо цуг өсөж Алтай даяар алдар цуутай эр болж гэнэ. Сүүлд хөх морь өгсөн хөгшин баяны орь ганц охинд хайр сэтгэлтэй болж гэнэ. Баян, ядуу хүнд яалаа гэж арилгасан сонгино шиг цэвэрхэн ганц охиноо өгөх билээ. Тэгэхээр баян охиныг босгуулж авахаар шийджээ. Хугацаа болзоо тогтоож хурдан хөх морио уяж сойж байгаад нэгэн шөнө, хонгор бүсгүйгээ аваад зугтсан чинь баяныхан мэдэж, нэхэн хөөгөөд хурдан хөх морийг нь буудан алж охиноо салган авчээ. Жанибек өөрөө Алтайн ууланд амь тэмцэн гарчээ. Жанибек удалгүй хурдан хөх мориныхоо толгойг хулгайгаар авч Алтайн нэгэн уулын оройд залж гэнэ. Ийн хөх морийг буудсан хүн бол баяны ганц охиныг олон зуун гүүгээр худалдаж авахаар хэлэлцэж тогтсон бас нэг баяны омог дээрэнгүй хүү байсан юм байжээ. Баяны охин тэрхүү омог бардам эрд богтлогдон одсон боловч төдхөн амиа хорлож хорвоогоос хальсан юм гэнэ.
Харин Жанибек хүүгийн амьдрал яаж төгссөнийг нэг ч хүн мэддэггүй юм .Ихэнх хүмүүс тэр хүүг үхдэггүй мөнх хорин таван настай рашааныг Алтайгаас олж хүртсэн учраас одоо ч бий гэдэг юм .Ард олны тэгж ярьсан юм худлаа байдаггүй юм . Жанибек ард олныхоо дотор яваа бий ...» гэж өгүүллээ . «Тэгвэл таны хууранд дардаг тэр морины явдал Жанибекийн хөх морины тухай юм уу?» гэж асуусанд «Тийм ээ ,тэгэхдээ Жанибекийн хөх морины тухай гэдэггүй, «Алтайн хөх дөнөн ...» гэж нэрлэдэг юм гэж Гэцэлжав ах өгүүллээ.«Алтайн хөх дөнөн ...» ямар сайхан нэр вэ! Тэр орой тэр нэрийг би аман дотроо лав зуу дахин өгүүлсэн байх .Мартчих байх гэхдээ юу ,хайр хүрсэндээ юу ,юу ч болтугай дахин дахин «Алтайн хөх дөнөн » гэж өгүүлэхүй бүрд тэр нэр миний хайрыг улмаар булаав . Гэцэлжав ах тарианы ус тавиад ирэх хүмүүст цай чанах ажилдаа оров . Алтайн хөх дөнөнгийн ,хорон санаантанд алагдсан байдал ,миний зүүдэнд орсон үүлэн хөх морьтой адилаар барахгүй , хоёулангийнх нь хувь заяа буудуулж үхэж төгсдөг нь бүр ч адил байхаар нь би тэрхүү зүүдийнхээ тухай Гэцэлжав ахад дахин өгүүлсэнд:
«Миний дүү бэлэгтэй сайхан зүүд зүүдэлжээ » гэж би түрүүн хэлсэн шүү дээ. Тэгэхээр миний дүү том болохоор Алтайн хөх дөнөн шиг