Цаст өндрийн оройд бараан үүлс ширүүхэн зангирч
Цантаж, догширсон сарлаг уулс эмжин идээшилнэ
Даваатын шилээс эрчилсэн салхи хаа хамаагүй цас шидэлж
Довцог хадны энгэрийг цасан хунгараар орооно.
Омогшиж бардсан салхины аясаар ойчих цасан ширхэг
Онгод бадраах шүлгийн охь нь болж гялтагнана
Мөнх энхийн орчлонд мянга мянган бээр аялж
Мөрөө үлдээн амьдрахыг хүн цас хоёр хүснэ
Яагаад ч юм би өөрийн тухай, энэ ертөнцөд оршино буй утга учир, өнгөрсөн одоо үеээ эргэцүүлэн бодож, ирээдүйгээ зөгнөн мөрөөдөж явсаар аль хэдийн гучин нас шүргэх болсноо ч үл мэдэн яваагаа ухаарах шиг.
Гадаа цас будранхан орж, эх дэлхийн амьсгал аядуу намуун бас дулаахан өнгөтэй байна. Яг л ийм агшин байх тусмаа цаст өндөр алтайгаа санасан сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж хоолой зангиран, хоёр нүднээс нулимас дуслах юм. Хэн ч намайг зэмлээгүй биеийн өвдөлтийг мэдрээгүй атлаа Цаст цагаан алтай, өндөр сүрлэг уулс, мэлтийн өнгөрөх Ховд голоо, жилийн дөрвөн улиралд аясын салхи аадар борооноос хамгаалан нөмөрлөж байдаг Бөхөн уулаа санахаар сэтгэл гэдэг ижий ааваа санахын адилаар бүр түүнээс илүүгээр санагалзан уярах нь аргагүй л хүн байгалийн хүйн холбоо гэлтэй.
Нутгаа санаад ирэхээр Бөхөн уулийн энгэрт үүрд нойрссон аав минь аяндаа л зүүд нойроор эргэлдэх нь эмзэг сэтгэлийн хөндүүр аясыг улам бүр хөдөлгөнө.Тиймээ аав минь яг л Бөхөн уул шигээ нөмөртэй дулаахан бас гэм хоргүй хүн хүний хүндэтгэлийг хүлээсэн байнга л инээмсэглэж явдаг хүн байсансан.
Аавтайгаа цуг Бөхөнийн хойд урд энгэрээр тарвага гошгируулж, шүдэнзны хайрцаг буудан мэргэнээ сорьж, машинын аар саархан зайд дөхүүлж өгдөг байсан минь ёстой хүүхэд ахуйн зан байж. Сэрүүн сайхан Алтай нутгийн зуны дулаахан хэдхэн өдрийг алдахгүй гэсэндээ үдийн дулаанаар Ховд голын усанд хүн загас болон норсон хувцастайгаа ус дуслуулан явдаг байснаа санахаар үнэхээр сахилгагүй охин байжээ, өвөл болохоор мөсөн дээр үзүүр нь дугуйрсан улиас юмуу, казак гэрийн хугархай унь бариад л үхрийн баас, яс, гутлын тосны хайрцаг ер нь боломжтой юу л байна түүгээр /шайв/ хийн кокей тоглож гарнаа /хэ хэ энэ үеийн мөч бүхэн жаргалтай/. Миний багын гэгээн дурсамжийн багаахан хэсэг ... энэ блог минь надад хамгийн сайн найз, сэтгэл доторхи бүхнээ уудлан ярьдаг үнэнч анд минь болж байна. Яагаад ч юм дотроо бүхнийг эргэцүүлэн бодож өөртэйгээ ярьж, ухаарч явдаг надад блог маань ганцаардлыг минь хуваалцаж, хүсэл мөрөөдөлд минь жигүүр ургуулан урам нэмж, дурсамжийг минь мөнхөлж, итгэлийг минь хадгалж, зоригыг минь хурцлах юмаа